Өнөөдөр

МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА

БАЯНХОНГОР АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС

Е-БАРИМТ ОЛГООГҮЙ БОЛ ИРГЭНИЙГ 150 МЯНГА, ААН-ЫГ 1,5 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах тухай аймгийн Засаг даргын А/02 тоот албан даалгавар гарсан. Үүний дагуу Баянхонгор аймгийн хэмжээнд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээдийг нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын нэгдсэн системд иргэд, худалдан авагч, үйлчлүүлэгчдэд шаардлага хангасан төлбөрийн баримт олгох ажлыг эрчимжүүлэх ажлыг холбогдох газруудад үүрэг болгоод байна.

Тухайлбал, аймгийн МХГ, ХЭАХН-ийн Баянхонгор аймаг дахь салбар, Цагдаагийн газар, Татварын хэлтэст Татварын ерөнхий хуулийн 16.1.8-д заасан “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх” хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчилтэй иргэн, хуулийн этгээдэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм.

Энэ дагуу өнгөрөгч сарын сүүлээр нийтийн хоол, рестораны чиглэлээр Баянхонгор хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 29 ААН-ийн үйл ажиллагаанд дээрх байгууллагын мэргэжилтнүүд хамтарсан шалгалтыг хийлээ.

Тус ажлын хэсэг шалгалтын эхний өдөр 20 гаруй ААН-ын үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийхэд долоон аж ахуйн нэгж хуулийн хүрээнд үйлчлүүлэгчид Е-баримтыг зохих журмын дагуу хэвлэн олгож байсан бол 13 ААН иргэдэд Е-Баримт өгөөгүй байв. Тиймээс дээрх ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг хурааж, зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг түр зогсоосон юм.

Харин шалгалтын хоёр дахь өдөр Буян, Сөүл, Наммон ресторан, Оргил бар, Аялгуу караоке, есдүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй Баянбүрд зоогийн газар, New star зочид буудал болон Нэгдэлчин зочид буудлын Е-баримт олгож байгаа эсэхтэй танилцлаа.

Ажлын хэсэгт аймгийн Татварын хэлтэс, Цагдаагийн газар, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд ажиллав.

Буян ресторан нь хоёр салбартай. Хотын төвд буюу хуучнаар ахуйн үйлчилгээний төвийн барилгад үйл ажиллагаа явуулж буй салбарт НАӨТ-ын баримт хэвлэх пос машин ажиллаж байгаа боловч ажилтнууд баримтыг хэвлэх мэдлэг дутмаг, 72 цагт багтаан хэвлэсэн баримтын мэдээллийг Татварын хэлтэс рүү илгээх ёстой талаарх ойлголтгүй байлаа. Тус рестораны дунд захын урд байрлах салбар баримт хэвлэж өгдөггүй, баримтаа авахыг шаардсан үйлчлүүлэгчийг нөгөө салбараасаа очиж аваарай гэдэг тайлбарыг хийж явуулдаг байна. Гэтэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэг аж ахуйн нэгжийн хоёр салбар байхаас үл хамаарч үйлчилгээний цэг тус бүрт Е-баримтыг хэвлэж олгох ёстой талаар тодорхой заажээ.

Буян ресторантай ижил зөрчил Аялгуу караокед мөн илэрсэн. Тус караокений эзэн өдрийн цагаар тавилгын дэлгүүртээ пос терминал машинаа ажиллуулаад оройн цагаар караокедоо оруулдаг байна. Тиймээс уг зөрчлийг арилгах хүртэл тусгай зөвшөөрлийг хурааж, үйл ажиллагааг түр зогсоолоо.

Илгээх
Жиргэх
Хуваалцах